Дэлхийн хөгжлийн чиг хадлага, мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх, эрдэмтэн, судлаачдын шинэ санаа, судалгааны ажлын үр дүнг түшиглэн инновацийг идэвхжүүлэх замаар ашигтай үйлдвэрлэл эрхлэх боломжтойг тодорхойлж байна.
Нэг үе бизнесийн ашиг орлого ихтэй таваарлаг малын тоо толгойг өсгөн, Европ, Америк, Австрали тивийн орнууд нэг малаас авах шим, мах, сүүний гарцаар өрсөлдөж, дэлхийн зах зээлд, эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ноёлж байлаа. Гэтэл тийм хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлж эхэллээ. Одоогоор бага хувийг эзэлж байгаа ч ийм “зорилтот зах зээл” (niche market), дэлхийн чиг хандлага болж байгааг бид анхаарахгүй байж болохгүй юм.
Монгол мал нь 2600 гаруй нэр төрлийн өвс тэжээл, түүний 600 гаруй нь эмийн ба биологийн идэвхт бодис агуулсан өвс ургамал бүхий арвин баялаг бэлчээрээс сорлон идээшилж, “байгалийн шүүлтүүртэй” ариун дагшин хөрсний усаар ундаалдаг учраас Монгол малын мах нь давтагдашгүй онцлог шинж чанартай юм. иймээс бэлчээрийн малын махны судалгаа, түүний үр дүн Монгол орны эдийн нийгэм эдийн засаг төдийгүй дэлхийн махны зах зээлд хэрэгтэй байна. Дээрх зорилтот зах зээлийн орон зайг бэлчээрийн мал аж ахуйтай бид л эзлэх ёстой юм.
Монголын махны үйлдвэр 70 гаруй жилийн түүхтэй, багагүй хүчин чадалтай, Азийн орнуудын дунд доогуур орохооргүй өнгө төртэй байдаг. Гэвч махны үйлдвэрүүдэд шинэ дэвшилтэт техник, технологи, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын тогтолцоог дэлхийн жишигт нийцүүлэх шаардлага тулгарсаар байна. Мал төхөөрөх үйлдвэрийн тоо олон хэдий ч экспортын баримжаатай үйлдврийн барилга байгууламж, түүний материал, дезайн, орон зай, хийц, чиглэлийн зарчим, эрүүл ахуйн угтвар нөхцлийн шаардлага хангасан үйлдвэр нийт үйлдвэрийн 5% ч хүрэхгүй байна. Махны үйлдвэрт хамгийн чухлаар тавигдаж байгаа асуудал бол үйлдвэрүүд GMP, GHP HACCP тогтолцоог нэвтрүүлэх явдал.
Махны экспортод малын өвчнөөс илүүтэй учирч байгаа саад тотгор бол бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо юм. Малын эрүүл мэнд, ус бэлчээр, тэжээлээс эхлээд хэрэглэгчид хүртэлх хүнсний бүх хэлхээнд бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдлыг хянах чадвартай байх нь тухайн хүнс үйлдвэрлэгчийн нэр төр, бизнес, ашиг орлогын баталгаа төдийгүй нийтийн эрүүл мэндийг хамгаалах асуудал билээ. Энэ тухай бүх шатанд, хүн бүр ярьж байгаа боловч дэндүү салангад, эмх цэгцгүй үйл явцууд өрнөсөөр байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээсэй ХАБ-ын менежментийг салангад авч үзээд байгаа нь манай үйлдвэрлэгчдийн хамгийн том алдаа болж байна.
Импортлогч талаас манай мах үйлдвэрлэгчдэд тавьж байгаа шаардлагууд үүний нэг жишээ бөгөөд менежмент дутагдаад байгааг батлан харуулдаг. Үүнийг жагсаалтаар харуулъя:
Энэ олон зөрчил, үл тохиролууд махны экспортонд өвчнөөс илүүтэй саад тотгорыг үүсгэдэг. Энэ шаардлагууд боломжгүй зүйлүүд биш боловч үйлдвэрлэгчид хэрэгжүүлж чадахгүй байгаагаас импортлогч талын итгэл үнэмшлийг алдаж байна. Эдгээрийг хэрхэн залруулах, хамгийн зөв, зохистой дадлуудыг хэрхэн хэвшүүлэх арга замыг үйлдвэрлэгчдэд эзэмшүүлэх, улмаар хяналтыг тогтолцоог бүрдүүлэх менежментийн сургалт, зөвлөлгөө үзүүлэх нь бидний зорилго юм.
НАССР тогтолцоог хэрэгжүүснээр дэлхийн жишгээр, эцсийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхээс илүүтэйгээр, сэргийлэх арга хэмжээнд тулгуурласан, хүнсний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалтын бүх шатанд хяналтын тогтолцоо бий болгох, хэрэгжүүлэх явдал юм. Үйлдвэрлэгч эсвэл нийлүүлэгч хүнсний хэлхээний өөрт хамааралтай шатандаа технологийн болон эрсдэлд суурилсан хяналт монитеринг хэрэгжүүлэн бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрөө хариуцан мөшгөх, эргүүлэн татах тогтолцоог бий болгоно. Ингэснээр бүтээгдэхүүний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо олон улсын жишигт нийцнэ.